Сайн байцгаана уу. Солонгост 3 дахь жилдээ суралцаж буй оюутан Болортунгалаг байна. Та бүхэнд хэрэгтэй мэдээлэл өгөх зорилгоор энэхүү мэдээг бичиж эхэлсэн ч худал мэдээллийг өгөхийг хүсэхгүй байгаа учир эхлээд өөрийгөө танилцуулахаар шийдлээ.
Жилээс жилд зөвхөн Монгол гэлтгүй дэлхийн өнцөг булан бүрээс сая сая оюутнууд энэ орны их дээд сургуульд суралцахаар ирдэг. Гадаадад суралцах хамгийн тохиромжтой үе бол магистрын 2 жил байдаг. Гэвч надад одоо шууд яваад суралцаж болох байтал 4 жил хүлээгээд суух тэвчээр байгаагүй хэрэг. Та нар ч бас ойлгож байгаа биз дээ?
Харин суралцахаар ирснийхээ дараа ухаарсан зүйл бол миний хувийн бэлтгэл бие болон сэтгэлийн хувьд маш дутмаг байсан явдал юм. Би хэдий өөрийгөө “хангалттай бэлэн болсон” гэж бодож ирсэн ч огтхон ч тийм байгаагүй. Гэр бүлээсээ салаад гадны оронд орь ганцаараа амьдарна гэдэг нь өөрөө маш том сорилт байсны дээр та бидэнд бүгдэд нь тулах асуудал, “эдийн засгийн асуудал”-д ч би бэлэн байгаагүй. Сэтгэл зүйн том асуудалтайгаа тэмцэнгээ тэтгэлэгээ алдахгүйн тулд хичээлээ хийх ёстой байсан. Хэдий хүмүүс намайг дэмжиж, “сайн байна, чи мундаг шүү дээ” гэдэг байсан ч гадаад оронд ирээд гадны хэлээр суралцана гэдэг тун хэцүү байдаг юм байна лээ. Миний өөртөө итгэх итгэл энд ирээд нурж унасан юм даг. 12 жилийн турш ангийнхаа “онц сурлагатнууд”-ын нэг байж байгаад Солонгост ирээд гэнэт л хамгийн чадваргүй нэгэн болчихсон. Солонгос оюутнууд гадаад оюутантай нэг баг болоход тийм ч дуртай байдаггүй. Та бид ч бас хичээлээ ч олигтой ойлгож чадахгүй байгаа оюутантай нэг баг болохыг тийм ч их хүсдэггүй шүү дээ. Ойлгож байгаа ч гомддог, үүнээс болоод хүмүүстэй харилцах харилцаанд маш том хар нүх үүсдэг юм билээ. Энэ бүхнээр яг юу хэлэх гээд байна вэ гэхээр:
1. Энэ бүх асуудалд бэлтгэлтэй ирэх хэрэгтэй. Хүмүүс үргэлж “тэгээд очсоныхоо дараа болно доо” гэсэн хандлагатай байдаг. Би ч тийм байсан. Гэвч энэ бүхэнд бэлтгэлгүй ирснээс болоод шантрах үе олон байдаг. Бодитоор шантраад буцсан бүр “харласан” хүмүүсийг ч харж байсан. Тэр хүмүүсийн ам нэгтэйгээр хэлдэг зүйл нь “жаахан л тэсэх байсан юм” гэх харамсал байдаг. Тиймээс өөрийгөө үнэхээр гадаадад суралцахад бие, сэтгэлээрээ бэлэн байгаа эсэхээ бодитоор үнэлээд өөрийгөө бэлдэх хэрэгтэй.
2. Суралцах гэж байгаа мэргэжлээ хэний ч үгээр биш өөрийнхөө хүслээр, сурахыг хүсэж байгаа зүйлээ сонгох. Хичнээн эх хэлээрээ үзсэн ч дуртай зүйлээ сонгоогүй бол эцсийн эцэст дуртай зүйлээ хийхийн төлөө одоо сурч байгаа мэргэжлээ эсвэл сургуулиа орхих болдгийг би ахынхаа туршлагаас ойлгож байсан юм. Дургүй зүйлээ хийх гэж зарцуулж байгаа цаг хугацаа хайран биш гэж үү? Мэдээж ингэж хэлдэг хүн олон байдаг ч хэрэгжүүлэхэд амар байдаггүй шүү дээ. Дээрээс нь яг юу хиймээр байгаагаа сайн мэдэхгүй байгаа оюутнууд ч олон байж магадгүй. Тийм бол багахан зэргийн сонирхол байсан ч хамаагүй зүгээр л эхлээд үз гэж хэлмээр байна. Хийж үзээд үргэлжлүүлж хиймээр байгаа эсэхээ баттай мэднэ шүү дээ. Хийж үзэлгүй эргэлзээд дэмий цаг үрж байснаас 100 дахин илүү байх болно гэдгийг би баттай хэлж чадна.
3. Мэдээллийн технологийн энэ эрин үед мэдээллийг олох боломж хангалттай байдаг. Тиймээс бэлэнч сэтгэлгээгээ хая! Чамд туслах хүн чамаас өөр хэн ч байхгүй гэдгийг ухаарах хэрэгтэй. Их сургууль гэдэг газар нь өөрөө мэдээллээ олоод үйлдэл хийдэг хүнд хангалттай, бүр хангалттайгаас ихээр тусламж үзүүлдэг ч өөрөө хөдөлж, хайхгүй л бол танихгүй хүн чамд тусалъя гээд хайж ирэхгүй л болов уу. Боломжийг өөрөө хайж олоод ашиглаж сурах хэрэгтэй гэсэн үг. Солонгост их сургуулиуд өөрсдийн вэв сайттай, сурагчдын зөвлөл нь инстаграмаар идэвхтэй байдаг учир гар утсаа тултал нь ашигла. Бусдын сториг үзэх гэж инстаграм орохдоо л сургуулийнхаа тухай мэдээллийг хангалттай авч болдог эрин үед амьдарч байгаа гэдгээ бүү мартаарай.
Миний хувьд хүн болгоны эхлээд хөл тавьдаг алхам болох хэлний бэлтгэлд суралгүй шууд бакалаврын зэргээсээ суралцаж эхэлсэн учраас хэлний бэлтгэлийн талаар зөвлөгөө хангалттай өгч чадахгүй байх гэж бодож байна. Эх орондоо хангалттай хичээгээд суралцчихвал жилийн 10-15 сая воны төлбөр болон нэг жил хэмээх хугацааг хэмнэх боломжтой гэж бодож байна. Анх ирэхдээ айдастаа хөтлөгдөөд “3 сар ч болов хэлний бэлтгэлд сураад сургуульдаа орвол” гэж бодож байсан ч ирснийхээ дараа бол хэлний бэлтгэлд суугаагүйдээ харамсдаггүй юм байна лээ. Хангалттай хэлний оноо чинь байвал заавал хэлний бэлтгэлд сурч цаг хугацаа үрэх шаардлага байхгүй шүү дээ. Тэгэхийн тулд эх орондоо байхдаа яг одоо хичээж, зорилгынхоо төлөө өдөр бүр нэг алхам ч болов алхах нь чухал. Манай сургуулийн проъфессорууд ч өдөр бүр бидэнд тэгж хэлдэг. “Яг одоо өөрийн хийж чадах зүйлээ бүх зүйлээ зориулаад хий. Хийгээд явж байтал чиний зорилго нэг л өдөр урд чинь байх болно” гэж.
Эцэст нь энэ нийтлэлийг маань уншиж байгаа бүх хүмүүст амжилт хүсээд өндөрлөе.